Мэндчилгээ

Ц.БОЛОРМАА
ТМЗН-ийн гүйцэтгэх захирал

Ц.БОЛОРМАА
ТМЗН-ийн гүйцэтгэх захирал
Монгол Улсад Татварын мэргэшсэн зөвлөхийн тогтолцоог хөгжүүлэх үйлсэд өөрийн оюун бодлоо чилээж, цаг заваа зарцуулан хамтран зүтгэж буй нийт гишүүд, дэмжигчид, гишүүн байгууллагуудын хамт олон, хамтран ажиллагсад та бүхэндээ Монгол Улсад Татварын мэргэшсэн зөвлөхийн тогтолцоо үүсч хөгжсөний 15 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлэхийн ялдамд гишүүдрүү чиглэсэн голлох үйл ажиллагаануудын нэг “ТМЗ-2019” чуулгандаа идэвхитэй оролцохыг урин мэндчилье.Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг 2015 оноос хойш жил бүр уламжлал болгон Татварын зөвлөхүүдийн чуулганыг зохион байгуулж ирсэн бөгөөд тухайн цаг үеийнхээ татварын холбогдолтой тулгамдаж буй асуудлуудыг авч хэлэлцдэг, мэдлэг мэдээллээ хуваалцдаг, дүгнэлт зөвлөмж гарган зохих төвшинд нь уламжилж шийдвэрлүүлдэг, татварын зөвлөхүүдийн хувьд маш чухал арга хэмжээ билээ.
Энэ жилийн чуулганыг “Татварын шинэчлэл ба зөвлөх үйлчилгээ” сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд уг чуулган нь татварын шинэчилсэн багц хуулиудыг сурталчлан таниулах, нэгдсэн ойлголтод хүрэхэд онцгой ач холбогдолттой байх болно гэж үзэж байгаа.
Иймд гишүүд дэмжигчид, хамтран ажиллагсад та бүхэн энэхүү боломжийг алдалгүй, өөрийн мэдлэг оюунд хөрөнгө оруулалт хийж, хамтдаа нэгэн өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэхийг хүсье.

Д.ЭНХСАЙХАН
Зөвлөх үйлчилгээний менежмэнтийн хорооны дарга, “КЭЙ ПИ ЭМ ЖИ ТАКС ТМЗ” ххк-ийн гүйцэтгэх захирал

Д.ЭНХСАЙХАН
Зөвлөх үйлчилгээний менежмэнтийн хорооны дарга,
“КЭЙ ПИ ЭМ ЖИ ТАКС ТМЗ” ххк-ийн гүйцэтгэх захирал
“Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хууль” батлагдан татварын зөвлөх үйлчилгээний эрх зүйн орчин бүрдэж, татварын итгэмжлэгдсэн нягтлан бодогчид, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдүүдэд тусгай зөвшөөрөл олгогдон, тэдний үйл ажиллагаа жигдэрснээс хойш буюу 2015 оноос эхлэн тус нийгэмлэгийн Зөвлөх үйлчилгээний менежмэнтийн хорооноос жил бүр татварын зөвлөхүүдийн чуулганыг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жилийн V чуулганыг “Татварын шинэчлэл ба зөвлөх үйлчилгээ” сэдвийн хүрээнд 2019 оны 12 дүгээр сарын 26-ны өдөр “Блүскай” зочид буудалд зохион байгуулахаар товлосныг Танд сонордуулж, чуулганд оролцохыг урьж байгаадаа таатай байна.Энэ удаагийн чуулган нь Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойн жилд Засгийн газраас хэрэгжүүлж буй татварын шинэчлэлийн хүрээнд УИХ-аар хэлэлцэн баталсан татварын гол гол хуулиудыг хэрэгжүүлэх босгон дээр болж байгаагаараа онцлог бөгөөд хуулиудын шинэчилсэн найруулгыг сурталчлан таниулах, хуульд орсон шинэ ойлголт, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар татварын зөвлөхүүд, татвар төлөгчдөд нэгдсэн ойлголт өгөхөд үр дүнгээ өгнө гэж үзэж байна.
Мөн Дэлхийн татварын зөвлөхүүдийн платформын бага хурал, Ази номхон далайн бүсийн орнуудын татварын мэргэшсэн зөвлөхүүдийн /AOTCA-2019/ чуулганд Монголын татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн төлөөлөл оролцсон нь цаашид дэлхийн татварын бодлого, чиг хандлагын талаар мэдээлэл авах, түүнийг хэрэгжүүлэх чиглэлээр олон улсын татварын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломжийг нээсэн чухал арга хэмжээ болсон бөгөөд чуулганы үеэр эдгээр хурал, чуулганы талаарх мэдээллийг хүргэх юм.
Чуулганд татварын бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг хангуулах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа Сангийн яам, Татварын ерөнхий газрын мэргэжилтнүүд оролцон, илтгэл тавих ба хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр нэр хүндтэй татварын мэргэшсэн зөвлөхүүд ажиллана.
Эрхэм хүндэт таныг чуулганы ажиллагаанд идэвхтэй оролцож, санал бодлоо илэрхийлэн, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах үйлст хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.